УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт өгсөн гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонгоос тодруулахад ‘Д.Гантулга гишүүн ямар нэг өргөдөл ирүүлээгүй байна. Хэрэв бүрэн эрхээсээ татгалзахаар бол УИХ-ын даргад эхлээд өгөх ёстой’ гэсэн хариулт өгөв. Ямартай ч Д.Гантулга гишүүн МАН-аас нэр дэвшиж сонгогдсон учраас бүрэн эрхээсээ татгалзах шийдвэрийг бие даан гаргах эрхгүй, заавал намынхаа удирдлагуудтай ярилцах учиртай. Тэр утгаараа Д.Гантулга гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудал МАН-д яригдсан эсэхийг зарим гишүүдээс лавлахад ‘Д.Гантулгын сонгогдсон тойрог дээр нөхөн сонгууль явуулах хүсэлтэй хэсэг бүлэг улстөрчийн ‘явуулга’ байж мэдэх юм. Хэрэв Д.Гантулга хэрэгт холбогдсон бол заавал бүрэн эрхээсээ татгалзаж байж шалгуулах шаардлагагүй. Учир нь УИХ-ын гишүүн байхдаа ч хууль хяналтынханд шалгуулж болох заалтыг Үндсэн хуулийн цэц сэргээсэн’ гэдэг тайлбар өгөв.