УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 5-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.
Хэлэлцүүлэгт нийслэлийн прокурор Н.Амарсанаа, яллагдагч Д.Гантулга, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хохирогчийн өмгөөлөгч Э.Хашчулуун нар оролцсон бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг долоон цаг үргэлжилжээ.
Эцэст нь Д.Гантулгыг шүүгдэгчээр татаж, түүнд холбогдох хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурлыг энэ сарын 17-нд буюу маргааш 10:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр шийдвэрлэсэн юм. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Ч.Наранзаяа гэх эмэгтэйг хүчиндсэн гэх хэрэгт холбогдуулан, шалгасныг шүүх хуралдаанаар шийдэх боллоо. Шүүх хуралд хохирогчийн эгч Ч.Саранзаяа гэрчээр оролцон, шүүгчээр Д.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа ажиллана.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж буй. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. Дашрамд хэлэхэд Д.Гантулга гурван өмгөөлөгч хөлсөлсөн байна.