Германд оршин суудаг Д.Довчин гэх монгол залуугийн тухай Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өдгөө ид шуугиж байна. Учир нь Д.Довчин гэх монгол залуу 2016 онд хоёр Герман эмэгтэйг онц хэрцгийгээр мөчилж хөнөөсөн ажээ.
Түүний анхны хохирогч нь Мария гэх 43 настай эмэгтэй байсан бол хоёр дахь хохирогч нь 40 настай Анжа гэх эмэгтэй байжээ. Тэрээр хохирогч эмэгтэйчүүдтэй ихэвчлэн клуб цэнгээний газар болзож, улмаар гэртээ дагуулан ирж дараа нь тэдний амийг бүрэлгэдэг байсан байна.
Д.Довчин гэгч монгол эр нь 39 настай бөгөөд одоогоос 18 жилийн өмнө Герман улсад суралцахаар ирсэн нэгэн юм байна. Гэвч тэрээр сургуулиа төгсөж чадалгүй дараа нь хувиараа ажиллах болсон гэнэ. Тэрээр 2014 онд гэр бүл зохион охинтой болсон ч удалгүй эхнэрээсээ салж мөрийтэй тоглоом, архинд толгойгоо мэдүүлэх болсон аж.
Д.Довчин өөрийн үйлдсэн хэргийн талаар ярихдаа “Би эмэгтэй хүнийг хүүхэд байхаасаа үзэн яддаг байсан учраас энэхүү хэргийг үйлдсэн” хэмээн мэдүүлжээ. Түүний шүүх хурал өчигдөр болж бүх насаар нь хорих ял ноогдуулсан байна. Германы ихэнхи хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчигдөр монгол залуу Д.Довчингийн талаар мэдээлж байжээ.