Их Британид хорлогдсон оросын тагнуулч Сергей Скрипаль болон түүний охин Юля нар чухам ямар хороор хорлогдсон болох нь тодорхой болсон байна. Энэ талаар The Guardian сонин тус улсын хууль сахиулах байгууллагын эх сурвалжаас иш татан өнөөдөр мэдээллээ. Их Британы мөрдөгчдийн үзэж байгаагаар Сергей Скрипалийг сэтгэц оюун ухаанд нөлөөлөх бодисоор хордуулсан байх магадлалтай байгаа бөгөөд The Guardian сонины мэдээлснээр энэ нь VX болон зарин хэмээх хорт бодис байж магадгүй байгаа гэнэ. Энэ сарын 5-нд Их Британы Солсбери хотод Оросын цэргийн тагнуулын экс офицер Сергей Скрипаль болон түүний охин Юля нар нэгэн үл мэдэгдэх бодисонд хордож, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тухайн үед мэргэжилтнүүд уг үйл явдал болсон дүүрэгт онцгой байдал зарлаж хими, биологи, радиацийн шинжилгээ хийж эхэлсэн ажээ. ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын ажилтан хурандаа Сергей Скрипаль нь 2006 онд эх орноосоо урвасан хэргээр тус улсын шүүхээс 13 жилийн ял авчээ. 2010 онд түүнийг болон өөр хэд хэдэн эх орноосоо урвасан тагнуулчдийг Оросын 10 тагнуулчаар солилцоо хийж баруунд хүлээлгэн өгсөн бөгөөд тэдгээрийн дотор Анна Чапман хэмээх Оросын алдарт тагнуулч эмэгтэй хүртэл багтаж байсан ажээ. Экс тагнуулч Сергей Скрипаль нь Их Британид улс төрийн орогнол хүсэн тус улсад амьдарч байсан юм байна.