Улсын хэмжээнд өнгөрсөн онд 225 удаагийн ой хээрийн түймэр гарч нийт 587,4 мянган га талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 77,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр энэ оны III-V сард нийт бүс нутгаар хуурайшилт эрчимтэй нэмэгдэж, ялангуяа ой хээрийн гал түймрийн эрсдэл өндөртэй аймгуудад олон жилийн дунджаар илүү халж, хур тунадас бага орох урьдчилсан төлөв гарчээ.
Тиймээс Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээий талаар” албан даалгавар гаргасан байна.
Албан даалгаварт ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, гал түймэр унтраах зохион байгуулалтыг эртнээс сайжруулах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж ажиллахыг БОАЖЯ, БХЯ, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар болон аймаг, нийслэлийн засаг дарга нарт холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллахыг үүрэг болгожээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.