ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Улаанбаатарт Худалдааны төлөөлөгчийн газар нээх захирамж гаргажээ. Тус улсын Эдийн засгийн хөгжлийн яамнаас ойрын үед төлөөлөгчийн газрын ажиллах цагийн хуваарь, орон тоог батлах гэж байна.
Манай улстай худалдаа, эдийн засаг, соёл, спортын өргөн харилцаатай Буриад улс энэхүү ажилд идэвхтэй оролцохоор зэхэж байгаа гэнэ. Монгол, Буриадын худалдааны эргэлт 2015 оны эхний есөн сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 хувиар нэмэгдээд байгаа.
Мөн худалдааны тоног төхөөрөмжийн \”Евро стиль” компани ирэх оны эхний улиралд Улаанбаатарт салбараа нээхээр төлөвлөж байгаа гэнэ. Тус компанийн ерөнхий захирал Наталья Перевозчикова \”Орос тэр дундаа Сибирийн эдийн засгийн байдал муудсаны улмаас бид шинэ зах зээлд гарах шаардлагатай болсон. Монголыг сонгож авсан шалтгаан нь энэ улс хурдацтай хөгжиж байгаа ч худалдааны тоног төхөөрөмжийн салбарт манайхаас 5-6 жил хоцорч байгаа. Бид Улаанбаатарын нэгэн их дэлгүүрт хэдийнэ төхөөрөмж нийлүүлээд эхэлсэн. Яг хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ дэлгэх болоогүй. Учир нь Монголд шинэ аж ахуйн нэгж байгуулахад дүрмийн санд 100 мянган ам.доллар оруулах ёстойгоос гадна гаалийн асуудлууд бас бий. Монголын компани гэж ажиллах уу, \”Евро стиль” компанийн салбар гэж явах уу гэдгээ шийдээгүй байгаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ. ОХУ дэлхийн 55 оронд Худалдааны төлөөлөгчийн газартай аж.