Авлигатай тэмцэх газраас эрхлэн хэвлүүлсэн \”Туулай хүүгийн адал явдал” номд дурдсан утга агуулгаар нийслэлийн ерөнхий боловсролын бага ангийн сурагчдад хичээл заах арга хэмжээг Монголын Сурагчдын холбоо, Лидер сурагч академийн оролцоо, идэвх чармайлтаар эхлүүллээ.
\”Туулай хүүгийн адал явдал” номыг зөв шударга амьдралын зан үйл, дадал хэвшлийг таниулах зорилгоор бага насны хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан үлгэрийн хэлбэрээр бүтээсэн юм. \”Туулай хүүгийн адал явдал” нь уг номд дурдсан шударга ёсны үзэл санааг заах арга зүй, гарын авлагатай бөгөөд энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхдүүдэд хичээл заах боломжтой ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг \”Өсвөрийн 333 сургагч багш” бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан шилдэг 40 сургагч хүүхэд \”Туулай хүүгийн адал явдал” сэдэвчилсэн сургалтыг ерөнхий боловсролын нийт 86 сургуульд хийх бөгөөд хамгийн эхэнд нийслэлийн 111, 1, 5, 115, 67, 93 дугаар сургуулийн 2 дугаар ангийн сурагчдыг хамруулав.
\”Туулай хүүгийн адал явдал” ном бяцхан дүү нарын маань сонирхлыг маш ихээр татаж байна. Тэдэнд ийм чиглэлийн мэдлэг олгох сургалт тун чухал болохыг мэдэрлээ” гэж өсвөрийн сургагч багш Г.Мандах ярилаа. Уг номын зохиогч, Авлигатай тэмцэх газрын ажилтан Б.Туул \”Авлигын нийгэмд учруулах хор хөнөөлийг ухуулан таниулах нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх ажлын нэг үндсэн чиглэл юм. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд болон бага ангийн сурагчдад зөв зан үйлийг хэвшүүлж, буруу үйлдлийг жигшүүлэх замаар шударга ёсны ойлголтыг өгөх нь авлигын хор хөнөөлийг мэдүүлэх хамгийн эхний алхам. Шударга ёсны сэдвээр цаашид дунд, ахлах ангийн сурагчдад зориулж сургалт явуулахаар төлөвлөж байгаа” гэж хэлэв.