Хууль зүйн сайд Д.Дорлигжаваас ирвэс хамгаалагч Лхагвасүмбэрэл болон С.Зориг агсны эхнэр Д.Булганд холбогдох хэргийн талаар хэвлэлийн хурлын үеэр тодруулсан юм. Эрхэм сайд \”Хууль зүйн сайд гэдэг хүн бол шалгаж байгаа хэргийн хавтаст хэргийг үзэж хараад тэгэх гэж байна ингэж гэж байна гэж болдоггүй. Зүгээр л мэдээлэл авдаг. Шалгах ажил ямар шатандаа байна, ямар хүч хэрэгслээр ажиллаж байна гэдэгтэй танилцдаг. Би ийм л хэмжээнд мэдээлэл авсан. Байгаль хамгаалагчийн асуудал анхааралд орсон. УИХ-ын дарга хүртэл үүрэг өгсөн байгаа. Надад өгсөн цагдаагийн мэдээллээр энэ байгаль хамгаалагч эзгүй хээр очоод гэнэт амиа алдчихсан. Яг тухайн үед гэрч, ойр тойрны хүмүүс байгаагүй учир шууд очоод тогтооход их түвэгтэй байгаа. Янз янзын үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл их орж ирж байгаа. Цагдаагийн байгууллага асар олон мэдээллийг захаас нь тодруулахаар ажиллаж байгаа. Энэ бол илрүүлэхэд нэлээд түвэгтэй хэргийн нэг юм шиг байна гэсэн. Булганыг барьж хорьсон хэргийн тухайд надад хэвлэлийн хэмжээний л мэдээлэл байна. Энэ дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр батлагдсан цагдаа, тагнуулаас бүрдсэн ажлын хэсэг байдаг. Энэ ажлын хэсэг прокурорын байгууллагын шууд хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг. Юу болоод яагаад баривчлав гэдэг дээр илүү мэдээлэл алга” гэлээ.