АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныг тохиолдуулан баяр хүргэсэн явдалд тус улсын сенатор Жон МакКэйн шүүмжлэлтэй ханджээ. Тэрээр энэ талаар хэлэхдээ “Ардчилсан АНУ-ын Ерөнхийлөгч булхайгаар сонгуульд ялсан дарангуйлагчид баяр хүргэж таарахгүй” хэмээн Ерөнхийлөгчөө буруутгасан байна. Олон улсын шинжээчид ялангуяа барууныхан ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг “тусгайлан бэлдсэн үзүүлэн тоглолт” гэж үзэж байгаа ажээ. Өнгөрсөн амралтын өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 76.69 хувийн санал авч Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан юм. Харин Дональд Трамп Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтай утсаар ярьж ойрын хугацаанд уулзахаар тохиролцсон тухай мэдэгдсэн байна.