Наурызын баярын өдрөөр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар дүүргийнхээ өндөр настан Т.Охобалынд зочилж, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр хэлэхдээ “Казах түмний өнө эртний уламжлалтай Наурыз, Нарны баярыг өнөөдөр тэмдэглэж байна.
Дүүргийн удирдлагуудын зүгээс Казах иргэдээ хүлээн авч баяр хүргэдэг уламжлалтай. Нийт Казах ард түмэндээ Наурызын баярын мэнд хүргэе” гэлээ. Наурыз нь шинэ жилийн эх бөгөөд хаврын өдөр, шөнө тэнцдэг өнө эртний уламжлалтай баяр юм. Налайх дүүрэг 32 мянга орчим хүн амтайгаас 6 мянга орчим казах иргэн оршин сууж байна. Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат өдгөө 75 настай Т.Охобал 17 настайдаа тус дүүрэгт ирж суурьшсан бөгөөд Налайхын уурхайд 40 жил ажиллажээ.
Налайх дүүргийн отгон Хөдөлмөрийн баатар Т.Охобал “Өнөөдөр Наурызын, өдөр шөнө тэнцсэн хаврын баяр болж байна. Амьд амьтад ичээнээс хөдөлж, цас хайлж, газар гэссэн, нарны энэ баяр 500 жилийн уламжлалтай. Энэ бол дэлхий дахинд байгаа Казах түмний баяр юм” гэж хэлсэн үгэндээ дурдаж байв.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Охобал гуай өдгөө 6 хүүхэд, 15 ач зээтэйгээ амьдарч байна гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.