Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам, Газрын тосны газар, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран ажилласны үр дүнд өнөөдөр Хэнтий аймагт шатахууны үнэ төвийн бүстэй ойролцоо түвшинд хүрлээ.
Тус үйл ажиллагааны нээлт өнөөдөр Чингис хотын \”Магнай Трейд” ХХК-ий ШТС-ын гадаа талбайд болж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Уул уурхайн сайд Р.Жигжид, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар тэргүүтэй удирдлагууд болон иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу алслагдсан бүс нутгийн шатахууны жижиглэн борлуулалтын үнийг төвийн бүсийн үнэтэй ойролцоо болгох ажлын хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Засгийн газрын 438 дугаар тогтоол гарч, Онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсээр ялгавартай тогтоохоор болсон. Үүний дагуу Хэнтий аймагт А80-1520, А92-1690 , А95-1940, ДТ-1820 төгрөг болж, тус тус буурлаа.