ОХУ өөрийнх нь улсын дипломатуудыг хөөн гаргасан АНУ болон Европын холбооны орнуудын эсрэг хариу арга хэмжээ авна гэж тус улсын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ “АНУ-ын Сиэтл хот дах ОХУ-ын Ерөнхий консулын газрыг хаасан явдал болон манай улсын дипломат ажилтнуудыг хөөн гаргасан бүх улс орнуудын эсрэг бид хариу арга хэмжээ авах болно” гэж хэлсэн байна. ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгчийн үзэж байгаагаар энэхүү үйл явдал нь Оросын эсрэг явуулж буй зохион байгуулалттай компанит ажиллагаа бөгөөд Москва үүнд бэлэн байсан гэдгийг дурьджээ. Өмнө нь энэ сарын 26-нд АНУ ОХУ-ын 60 дипломат ажилтанг нутаг дэвсгэрээсээ хөөн гаргах шийдвэр гаргасан бөгөөд түүний дотор Сиэтл хот дах Оросын Ерөнхий консулын газрыг хаах шийдвэрийг гаргасан юм.
Мөн энэ долоо хоногийн байдлаар Их Британы гаргасан шийдвэрийг дэмжиж, Европын холбооны Франц, Герман, Польш, Финланд тэргүүтэй 11 орон, холбооны бус АНУ, Австрали, Канад, Албани, Норвеги, Украин гэсэн зургаан улс ОХУ-ын дипломатчдыг улсаасаа гаргах шийдвэрт нэгджээ. АНУ, Их Британи болон Европын холбооны гишүүн орнууд Салисбури хотод гарсан халдлагын дараа Оросын дипломатуудыг нутгаасаа хөөн гаргах шийдвэрийг гаргасан ба тус улсын дипломат алба хаагчид далдуур тагнуулын үйл ажиллагаа явуулдаг байж болзошгүй гэж үзсэн байна. Харин АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жон Хантсман уг үйл ажиллагааг АНУ-ын түүхэн дах Оросын тусгай албаны ажилтнуудыг хөөн гаргасан хамгийн том ажиллагаа хэмээн нэрлэжээ. ОХУ Их Британы Салисбури хотод гарсан халдлагад ямар ч хамаагүй гэж мэдэгдсээр байгаа юм.