870 сая фунт стерлинг буюу нэг тэрбум евро хулгайлсан кибер гэмт хэргийн сэжигтэн Испанид баригджээ. Тэрээр банкуудыг бай болгосон Карбанак, Кобальт гэх хорлон сүйтгэх ажиллагаануудыг явуулсан зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн тэргүүн нь байсан гэж албан эх сурвалжууд мэдэгдсэн байна.
Европолын мэдэгдсэнээр тус бүлэглэл нь 2013 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд 100 гаруй банканд хохирол учруулсан ажээ. Тэрээр банкны шилжүүлгийг ашиглан мөнгийг шилжүүлж, автомат машинаас авсан гэж албан эх сурвалж сэжиглэсэн байна.
Энэхүү баривчилгаа нь кибер гэмт хэргийн зартай бүлэглэлийн эсрэг авч хэрэгжүүлсэн маш том ажиллагаа болжээ. Европолын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар уг ажлыг холбогдох байгууллагуудтай нь хамтран хил дамнасан мөрдлөг шалгалт явуулсны эцэст илрүүлсэн аж.
Хэрэгтнүүд автомашин болон амины орон сууц гээд тансаг зэрэглэлийн эд зүйлс худалдан авч крипто валют, төлбөрийн картуудаар дамжуулан мөнгө угаадаг байжээ. Тус бүлэглэлийнхнийг Европол, Холбооны мөрдөх товчоо, кибер аюулгүй байдлын пүүсүүд болон Испани, Румын, Беларус, Тайвань дахь цагдаагийн байгууллагууд хамтран ажилласны дүнд ийнхүү баривчилж чаджээ.
Б.Болормаа