Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газарт Албан шаардлагыг хүргүүлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын намрын чуулганаар Улс төрийн намын тухай хуулинд заавал өөрчлөлт оруулж, намын хатуу гишүүнчлэлийг үгүй хийхийг хүсч байгаа бөгөөд АН-ын дотоод сонгуулийн үеэр БЗД-т болсон үйл явдлыг энд жишээ болгон дурьдсан юм. Эх орныхоо төлөө тэмцэхгүй байж, албан тушаал, намын хатуу гишүүнчлэл дор эвлэлдэн нэгдэж, Монгол Улсыг үгүй хийх гэж байгаа энэ байдлыг таслан зогсоохын төлөө Нам бус иргэдийн нэгдсэн холбоо 2011 оноос хойш зүтгэсэн гэдгээ хэлж байлаа.
Тус холбооны зүгээс өмнө нь мөн Ерөнхийлөгчид хандаж байжээ. Гэхдээ намын хатуу гишүүнчлэлийг халах тухай Улс төрийн намын тухай хуулинд өөрчлөлт оруулахыг хүссэн байна. Харин энэ удаад үүний зэрэгцээ бүх намыг татан буулгах асуудлыг оруулсан аж. Улмаар тогтолцооны хувьд Монгол Улсын хөгжлийн гарцыг тодорхойлж чадах тодорхой нэг намтай, нам нь өөрөө хатуу гишүүнчлэлгүй, дэмжигчтэй гэсэн байдлаар цааш хөдлөх санааг Ерөнхийлөгчид дэвшүүлж байгаа гэлээ.