Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дээд цол хураан авах тухай зарлиг гаргалаа.
ЗАРЛИГТ:
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Цэргийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын харьяатаас гаргах тухай” 32 дугаар зарлигийг тус, тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсын харьяатаас гарсан Халидалдагийн Жекейд олгосон дээд офицерын “бригадын генерал” цолыг хураан авсугай” гэжээ.
Өмнө нь Баян-Өлгий аймгаас УИХ-д хоёр ч удаа сонгогдож, казах түмний төлөөлөл болж байсан ХХЕГ-ын дэд дарга асан бригадын генерал Х.Жекей Казахстаны иргэн болсон төдийгүй тус улсын Хилийн тагнуулын албанд нэлээд дээгүүр алба хашиж байгаа гэдэг мэдээлэл цацагдаж эхэлсэн бөгөөд түүнийг Монгол төрийн нууцыг сайн мэдэх, хил, гаалийн талаар бүрэн мэдээлэлтэй бригадын генерал энэ хүн яагаад МУ-ын иргэншлээсээ татгалзаж, Казахстан улсын Хилийн тагнуулын албанд ажиллах болов гэсэн олон асуулт хариу нэхэж байсан юм.