Япон улс Умард Солонгосын удирдагчийн Хятадад хийсэн айлчалыг ихээхэн сонирхож байгаа бөгөөд Хятадын зүгээс энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхийг хүлээж байна хэмээн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ.
Тэрээр “Бид энэхүү айлчлалыг ихээхэн сонирхож байгаа ба уулзалтын талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж байна. Мөн Хятадын зүгээс энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөсэй гэж хүсч байна” гэж хэлжээ. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын энэ сарын 25-27-нд Хятад улсад маш нууц байдалтайгаар айлчилсан бөгөөд тэрээр 2011 онд БНАСАУ-ын удирдагч болсноосоо хойш анх удаагаа гадаад улсад айлчилж байгаа нь энэ юм байна. Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин Бээжин хот дахь Ардын их хурлын танхимд Ким Чен Ын-тэй хэлэлцээ хийсэн бөгөөд үүнээс өмнө нь Хятадын тал энэхүү айлчлалын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад мэдээлэл хүргүүлсэн байна.