\”Жавхлант Орд” хэмээх компани 2011 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 29100.14 га талбайд уул уурхайн ашиглалт явуулах зөвшөөрөл авсан байдаг. Гэтэл тухайн үед нутгийн иргэд уул уурхайн компани оруулахгүй хэмээн эсэргүүцэж байсан.
Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан \”Жавхлант орд”-ынхон 2012 оны зургадугаар сард тэндэхийн айлуудаар 100 мянган төгрөг, Чингис архи, 2 кг чихэр, таван тамхи тараасан байдаг юм. Ингэсний дараа тараасан зүйлийг нь аваад дуугүй болсон айлууд байдаг бол эсэргүүцэл илэрхийлж, хэвлэл мэдээлэлд хүртэл хандсан нэг нь ч бий.
Ингээд хайгуулын ажлаа үргэлжлүүлж байхад нь буюу 2013 онд иргэд дахин эсэргүүцэл илэрхийлсэн байдаг. Уул уурхайн үйл ажиллагааг нь хор хөнөөлтэй байна хэмээн эсэргүүцсэн Б.Занаа, Н.Баяржавхлан нарыг тухайн үед Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэстийнхэн хорьж, эрүү үүсгэсэн юм.
Тухайлбал \”Жавхлант орд\” компани тэнд 28 газар өрөмдлөг хийснээс болж байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн байна. Тодруулбал худгийн ус бохирдож, сүүтэй цай чанахаар гашилдаг болж, мал төхөөрөхөөр уушги нь харлаж, бусад дотор эрхтэн нь цайрсан байдаг болжээ. Тиймээс нутгийн малчид энэ явдлыг эсэргүүцэж, аймаг, сумын удирдлагуудад удаа дараа хүсэлт гаргасан боловч удирдлагууд огт тоогоогүй юм байна.
Ингээд аргаа барсан нутгийн иргэд Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гарган \”Жавхлант орд”-ыг шүүхэд өгчээ. Гэтэл шүүхийн шийдвэрээр нутгийн иргэд ялагдаж, Жавхлант орд компани ялалт байгуулан тухайн газарт ашиглалт явуулах зөвшөөрлөө хадгалж үлджээ. Одоогийн байдлаар олборлолт эхлээгүй байгаа бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон байна. Тэгвэл нутгийн иргэдэд \”100 хувь хятад эзэнтэй” хэмээн итгүүлсэн уг компанийг ардаа томоохон хамгаалагч эзэнтэй гэх мэдээлэл байна.
Хэрвээ энэ уурхай нээгдэх юм бол 40 гаруй мянган мал ус бэлчээргүй болж, 240 өрхийн амьдрал хэцүүдэх шинжтэй байгаа ажээ. Үүнээс гадна \”Жавхлант орд”-ын лицензтэй уг газар өмнө нь тусгай хамгаалалтанд байсан ч хүчингүй болгочихсон аж. Тиймээс нутгийн иргэд уг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар холбогдох байгууллагад ханджээ. Хэрэв тухайн газарт уурхай нээгдвэл \”Гурван тэс” сумын нутагт Хүрэн ханын хэцэд байдаг аргаль, янгир, ирвэс шилүүс зэрэг амьтад дайжиж, хоёр нүдний рашаан, ходоодны рашаан үгүй болох эрсдэлтэй аж. Мөн тэр газарт 28 нэр төрлийн эмийн ургамал байдаг ажээ.
Эх сурвалж: umnugovi.mn