Оросын экс тагнуулч Сергей Скрипалийн охин Юлия Скрипаль саяхан ухаан орж хоол унданд орж эхэлжээ. Энэ талаар Их Британы Үндэсний эрүүлийг хамгаалах албанаас мэдээлсэн байна. Харин түүний эцэг Сергей Скрипаль өнөөг хүртэл ухаан оролгүй, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсээр байгаа юм байна. Тэднийг “Новочик” гэх химийн хортой бодисоор хордуулсан болохыг Британийн эрүүл мэндийн шинжээчид тогтоогоод байгаа бөгөөд уг химийн хортой бодис шууд хүний мэдрэлийн системд нөлөөлж, улмаар тархийг нь үхжүүлдэг аж. Экс тагнуулчийг хордуулсан хэргийн ард ОХУ байгаа хэмээн Их Британий Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдэж, улмаар тус улсын дипломатчдыг нь хөөсөн бөгөөд мөн Их Британий энэхүү шийдвэрийг дэмжин дэлхийн 20 гаруй улс ОХУ-ын дипломатчдыг нутгаасаа хөөжээ.