Хэнтий аймгийн Батноров сумын засаг дарга Г.Тайванжаргал нутгийнхаа газар шороог ухуулахгүй хэмээн хэвтэрт ортлоо зодуулсан талаар өнгөрсөн долоо хоногт цахим орчинд мэдээлэл тарсан.
Хэнтий аймагт сүүлийн дөрвөн жилийн турш хөрсний алаг чулууг түүвэрлэж Хятадуудад өндөр үнээр зарж борлуулах болжээ. Эдгээр хүмүүсийн эсрэг тууштай тэмцэж ирсэн Хэнтий аймгийн Батноров сумын засаг дарга Г.Тайванжаргал хөрсний алаг чулуу түүвэрлэхээр ирсэн хэсэг бүлэг хүмүүст үйл ажиллагаагаа зогсоож буцах талаар шаардлага тавьсныхаа төлөө ийнхүү зодуулж эрүүл мэндээрээ ноцтой хохирчээ.
Г.Тайванжаргал уг хэргийн улмаас хоёр удаа хагалгаанд орж нэг нүдний харах чадвараа 15%-тай авч үлдэж чадсан байна. Мөн тус аймагт бүлэглэн ирдэг тэдгээр хүмүүс айлын бэлчээрт буй хониноос хулгайлж идэх, адуундаа явсан малчны араар эхнэрийг нь хүчирхийлдэг тухай нутгийн иргэн С.Шүрэнцэцэг мэдээлсэн юм.
Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас тус аймгийн Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргалыг 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр бусдад зодуулсан гэх хэрэгт тус сумын иргэн Б, С, Б нарыг холбогдуулан шалгаж, хэргийг прокурорын хяналтад шилжүүлсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.
Хөрсний алаг чулуу нь хөрсөнд ус чийгийг хадгалж, тэнцвэржүүлэх үүрэгтэй хөрсний гол амин сүнс гэнэ. Харин эх орон, байгаль, нутаг усаа гэх сэтгэлгүй хүмүүс уг чулууг их хэмжээгээр түүвэрлэхдээ хөрсийг ухаж, сэндийлж орхидог аж. Үүний улмаас сүүлийн жилүүдэд тус аймагт өвс ургамал ургахаа больж малын бэлчээргүй болохоос гадна нутаг ус нь гандаж эхэлжээ.