Сангийн сайд асан С.Баярцогтыг энэ сарын 1-нд цагдан хорьсон. Түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал сая боллоо. Улмаар түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргалаа. Шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч Г.Орхон “Миний үйлчлүүлэгч С.Баярцогтыг энэ сарын 1-нд гэрчээр мэдүүлэг авна гэж АТГ дуудсан. Мэдүүлэг авч дуусаад шууд хорьсон. Өчигдөр яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулсан. Одоогоор эрүүгийн хуулийн 20.3, 22.1.3 зүйл буюу зохион байгуулалтай бүлэглэлд оролцсон. Албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Өнөөдөр прокурорын зүгээс С.Баярцогтыг 30 хоног цагдан хорьж , шалгах нь зүйтэй гэдэг саналыг өгсөн. Бид үүнд санал нийлээгүй, зөвшөөрөөгүй. Харамсалтай шүүх хурал цагдан хорих нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргалаа. Уг нь хүний үндсэн эрх болох халдашгүй чөлөөт байх эрх эрүүгийн хяналт шийдвэрлэх хуулинд заасан тодорхой үндэслэлүүдээр хязгаарладаг байх ёстой. С.Баярцогт гэдэг хүн энэ асуудал дээр Америкт сурч байхдаа ямар нэгэн байдлаар хууль хяналтыг байгууллагаас зугтаахгүй, зайлс хийхгүй. Албан тушаалгүй байгаа учраас бүх зүйлээ шалгуулна гэж ирсэн байгаа. Амралтын өдөр дуудаж байхад би өмгөөлөгч авна гэж хэлэхгүй явж очиж байсан. Оргон зайлах, хамтарч ажиллахгүй гэсэн үндэслэл байхгүй байхад цагдан хорьж шалгана гэдэг үндэслэл дээр санал нийлэхгүй байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэрээтэй холбоотой болон С.Баярцогттой холбоотой асуудал олон жил яригдлаа. Мөн маш олон сөрөг мэдээлэл болон хардлага сэрдлэг байна. Үүнд С.Баярцогт цэг тавьж, үнэнийг тогтоолгоно гэдэг асуудлыг тавьж байгаа” гэв.
-Танай талаас гүйлгээтэй холбоотой баримтаа сөргүүлж тавих уу?
-Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа болохоор энэ ингэсэн, тэр тэгсэн гэж нарийн ярих боломжгүй.
-Та зохион байгуулалттай гэдэг асуудал хэлсэн. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Прокуророос зохион байгуулалттай гэмт бүлэг зохион байгуулсан, оролцсон гэдэг үндэслэл давхар яллах тогтоолдоо оруулсан байсан. Прокуророос тодруулах нь зүйтэй байх.