С.Зориг агсаны гэргий Б.Булганыг баривчилснаас хойш С.Зоригийн хэрэгтэй холбоотой олон мэдээлэл цацагдах боллоо. Тухайлбал, С.Зориг агсаны хэрэгт талийгаач Ш.Отгонбилэгийг хамаатуулан, түүнийг С.Зориг агсаныг захиалгаар хөнөөсөн хэрэгт холбогдуулах гэж байгаа тухай талийгаачийн хүү О.Содбилэг мэдээлсэн.
Мөн талийгаачийн үхэлд Хотын дарга Э.Бат-Үүлийг ч хамааруулж, зарим шар хэвлэлүүд бичих болоод байгаа. Харин хуулийн байгууллагаас Б.Булганыг чухам ямар хэргээр шалгаж, саатуулаад байгаа талаар ихэд нууцалж байгаа юм. Гэхдээ энэ мэдээллийг Үндсэний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан тухай эх сурвалж мэдэгдлээ.
Тэдний мэдээллийг сонссон ҮАБЗ-ийн гишүүд хэргийг шуурхай шалгаж, хэвлэл мэдээлэлд асуудал тодорхой болсон хойно мэдээлэл өг гэсэн чиглэл өгсөн байна. Мөн Б.Булганы хэргээс хоёр ч өмгөөлөгч татгалзсан. Шалтгаан нь маш нууц байх ёстой гэсэн гарын үсэг зуруулж, үйлчлүүлэгчтэй нь уулзуулахгүй байгаа гэж тэд тайлбарлажээ.
Б.Булганы ар гэрийнхэн аргаа барахдаа төлбөрийн чадваргүй болон өмгөөлөл үзүүлэхээс татгалзсан үйлчлүүлэгчид үйлчлэх үүрэгтэй улсын өмгөөлөгч авахад хүрсэн байна. Мөн энэ хэрэгт холбоотой гэх Орхон аймгаас баригдсан хоёр залууд ч өмгөөлөгч олдохгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд гэсэн хүмүүс багтдаг.