Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн нутагт оршдог “Ээж мод”-ны орчим суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлыг газарт өчигдөр буюу энэ сарын 5-ны 17:00 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид голомтод очиход Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 11х25 тоотод оршин суугч иргэн С-ийн “Тоyоta- Allion” маркийн УНЛ 60-19 улсын дугаартай суудлын автомашин шатаж байсныг бүрэн унтраажээ.
Иргэн С нь бөөгийн зан үйл үйлдэж байхдаа автомашиныхаа ард арц, хүж уугиулж, ил гал түлсний улмаас гал алдаж автомашинаа шатаасан бөгөөд гал түймрийн зөрчлийг Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Тус газарт дөрөвдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд “Ээж мод”-ны тахилга болж, хөл хөдөлгөөн ихтэй байгаа тул Онцгой байдлын газраас иргэдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, сэрэмжлүүлэг материалыг тараан галын аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байгаа юм байна.