Эрүүл мэндийн даатгалын цахим систем энэ сараас нэвтэрч эхлээд буй. Энэхүү систем орон даяар нэвтэрснээр иргэд Эрүүл мэндийн даатгалын дэвтэр ашиглалгүйгээр иргэний үнэмлэхээ үзүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж нээгдэж байгаа аж. Тодруулбал, эмчийн өвчтөнд тавьсан онош, бичсэн жор, хөнгөлөлттэй үнээр авах эмийн мэдээлэл цахим системд бүгд бүртгэгдэх ба тухайн хүний иргэний үнэмлэхээр даатгуулагч мөн эсэхийг нягтлах юм байна. Ерөнхийдөө тухайн иргэний эмнэлгийн байгууллагаас авсан бүх төрлийн үйлчилгээ энэхүү системд бүртгэгдэнэ гэсэн үг.
Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс “Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт”-д орсон 404 нэр төрлийн эмийг зөвхөн харьяа дүүргээсээ гэлтгүй даатгуулагч иргэн өөрийн хүссэн цагтаа, хүссэн газраасаа авах боломжтой болж байна.
Цахим үйлчилгээг нэвтрүүлсэн гол ач холбогдол нь мөнгө, цаг хэмнэхээс гадна даатгалын байгууллага, эрүүл мэндийн байгууллага, даатгуулагч иргэд хоорондын бодит харилцаа холбоо бий болж, хяналт сайжрахад оршиж байгаа гэдгийг албаныхан хэлж байна.