Тайландын Чанмай хотноо болсон өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын багийн зургаан настай Мягмаржавын Ялгуун охин рапид төрөлд алтан медаль, блиц төрөлд мөнгөн медаль хүртжээ. Энэхүү тэмцээнд Ази тивийн 26 орны 600 орчим өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулсан байна. Өсвөрийн шатарчин М.Ялгуун охин нь Ховд аймгийн Алтай сумын Улсын аварга малчин Дамдинбазарын ач охин юм. Дашрамд сонирхуулахад, БСШУС-ын сайдын нэрэмжит 2018 оны өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний зургаа хүртэлх насны охидын ангилалд Ховд аймгийн Алтай сумын “Төгсхүү” шатрын клубын тамирчин М. Ялгуун нь 9 өргөөс 8 хожин түрүүлснээр Монгол Улсын аваргын алтан медалийг Ховд аймагтаа 17 жилийн дараа дахин авч ирсэн байна.