Оросын экс тагнуул Сергей Скрипалийн охин Юлия Скрипалийн бие нь сайжирч, эмнэлгээс гарсан тухай өнөөдөр Их Британий хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэдээллээ. Тэднийг өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдөр Оросын тусгай албаныхан “Новичок” гэдэг химийн хорт бодисоор хордуулсан гэж Их Британий цагдаагийн газраас мэдээлсэн бөгөөд өдгөө 33 настай Юлия Скрипалийг тусгай хамгаалалттай аюулгүй газарт шилжүүлээд байгаа ажээ. Харин түүний эцэг Сергей Скрипаль өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба тэрээр өмнөх үеэсээ дээрдэн бие нь сайжирч байгаа юм байна.
Одоогоос сарын өмнө Их Британий Солсбери хотын худалдааны төвд эцэг охин Скрипалийг химийн хорт бодист хордсон байдалтай ухаангүй хэвтэж байхад нь олсон бөгөөд Их Британий Ерөнхий сайд Тереза Мэй уг хэргийг Оросын эрх баригчдын захиалгаар тус улсын тагнуулын албаныхан гүйцэтгэсэн байх өндөр магадлалтай хэмээн мэдэгдэж байсан билээ. Харин ОХУ-ын зүгээс энэхүү халдлагатай ямар ч холбоогүй гэдгээ удаа дараа илэрхийлж, өдгөө ухаан ороод буй Юлия Скрипальтай уулзуулах хүсэлт тавьсан боловч Их Британи улс зөвшөөрөхгүй байгаа юм.