НИТХ автомашин ачих шинэ журмыг баталж, нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон. Энэ дагуу автомашин ачих шинэ журам хэрэгжиж эхэлжээ.
Улаанбаатар хотын Цагдаагийн газар автомашин ачих, чирэх үйл ажиллагаа явуулдаг 14 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаад өнгөрөгч наймдугаар сараас үйл ажиллагааг нь түр зогсоогоод байсан. Тэгвэл нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл багасгах зорилгоор өглөөний 08:00 цагаа үдшийн 20.00 цагийн хооронд хориглосон газарт зогсч, бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлж байхаар дахин шийдвэрлэсэн юм.
Нийслэлд нийтдээ 163 гудамж байдгаас 77-г нь тогтоолоор хориглосон газарт оруулжээ. Мөн зориулалтын автомашинаар мотоциклийг 30 мянга, суудлын автомашин, микроавтобус, 3.5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобусыг 60 мянга, 3.5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90 мянган төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтжээ. Мөн түр саатуулах хашааны нэг хоногийн төлбөрийг мотоцикль 3000, суудлын автомашин болон 3.5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5000, 3.5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10 мянга, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизмын жолоочоос 20 мянган төгрөг авдаг байхаар болсон байна.
Гэхдээ тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар ачихдаа тухайн байршлаас 10 км-ээс дотор бол, мөн зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор буцаан авбал түр саатуулах хашааны төлбөрөөс чөлөөлөх юм байна.
Э.Төгс