Зам тээврийн
яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн холбогдсон хэрэгт нэр
бүхий хүмүүс татагдсаар байна. Хамгийн сүүлд буюу 2015 оны 12 дугаар сарын
30-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх
хэлтсээс УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарыг
сэжигтнээр татаад байгаа талаар хэвлэлүүд мэдээлэх болов.
Х.Баттулга,
А.Гансүх нар \”Ухаа худаг – Гашуун сухайт” чиглэлийн 225 км төмөр замтай
холбоотой шалгагдаж байгаа аж. Энэ төслөөс болж өнөөдөр олон хүн шалгагдаж,
цагдан хоригдоод байгаа юм. Тэдний дунд гадны иргэн ч байгаа гэж хэвлэлүүд
мэдээлж байна.
А.Гансүх нь уг
асуудал дэлгэгдэж, Б.Батзаяаг АТГ-аас баривчлахаас өмнө өөрийгөө шалгуулж, гэм
буруугүй гэдгээ тогтоолгосон хэмээн мэдэгдэж байсан. Харин Х.Баттулгын хувьд
энэхүү мөрдлөгө, шалгалтыг улс төрийн зорилготой хэмээн тайлбарласаар байгаа
билээ.
Тэгвэл нэр бүхий
эрхмүүдийг ямар шалтгааны улмаар хуулийн байгууллага, сэжиглэн шалгах болсон
талаар тодруулъя.
Засгийн газрын 2013 оны 28 дугаар
тогтоол гарч, \”Монголын төмөр зам” ТӨХК-д 1800 км төмөр замын суурь бүтэц \”барих,
ашиглах, шилжүүлэх” тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Тусгай зөвшөөрөл олгосон
хүн нь тухай үеийн Зам тээврийн сайд буюу А.Гансүх юм. Тэгвэл энэ тусгай
зөвшөөрлийн дагуу \”Ухаа худаг – Гашуун сухайт чиглэл”-ийн 225 км төмөр замын
ажлыг гүйцэтгүүлэхээр БНСУ-ын \”Самсунг С, Т” компанитай ямар ч тендер
шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулсан нь өнөөдөр олон хүнийг хуулийн
байгууллагад шалгуулах, улмаар цагдан хоригдох үндэс бий болгоод байгаа юм.
Магадгүй тендер шалгаруулалтгүйгээр
гэрээ байгуулсан нь цаанаа ашиг сонирхлын болон авлига хээл хахуулийн шинжтэй гэж
хуулийн байгууллага хардах нөхцлийг бий болгожээ.
Мөрдөн шалгалтын явцад Б.Батзаяагаас
Х.Баттулга болон А.Гансүх нарын таван хүний данс руу их хэмжээний мөнгө шилжин
орсон баримт цугларсан тухай эх сурвалжууд мэдээлж байсан удаатай. Удахгүй
хэргийн үнэн зөв нь тогтоогдох байх. Үүний дараа улс төрийн зорилготой юу,
эсвэл МИАТ-ийн удирдлагууд шиг бүлэглэн үйлдсэн мөнгө угаалт уу гэдэг нь
тодорхой болох биз.