Өчигдөр Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевтай утсаар ярьж, сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн тухай Азербайжаны төв хэвлэлүүд мэдээлжээ.
Өнгөрсөн Лхагва гарагт Азербайжанд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явагдаж, Алиев дөрөв дэх удаагаа сонгогдсон юм. Ерөнхийлөгч Х.Баттулга Алиевтай утсаар ярих үеэрээ түүнд баяр хүргэж, Азербайжаны ард түмний сайн сайхны төлөө хийх ажил үйлсэд нь амжилт хүссэн бөгөөд Илхам Алиев Баттулгад хариу талархал илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагаа хөгжин цэцэглэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа харилцан илэрхийлцгээжээ. Өдгөө 56 настай Илхам Алиев нь 2003 онд ерөнхийлөгч эцгээ нас барсны дараа албыг нь залгамжлан авч, өнөөдрийг хүртэл тасралтгүй Азербайжан улсын төрийг тэргүүлж байгаа улс төрч юм байна.