“Завханы” гэх тодотголтой Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх гарын шавь нараа бэлтгээд тун завгүй байгаа бололтой. Хамгийн бяцхан шавь, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүү Б.Бат-Энэрэл гавьяатын гарын шавь болоод жил гаруйн хугацаа өнгөрч байгаа билээ. Энэ хугацаанд Б.Бат-Энэрэл хүү, багшийнхаа хамтаар хэд хэдэн тоглолт хийж, урын сандаа уран бүтээл арвинтай болжээ. Тэрбээр багшийнхаа “Ээжтэй орчлон”, “Хаан заяатай орчлон”, “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дуунуудыг тун ч эвлэгхэн дуулж олны хүртээл болгосон.
Тэгвэл энэ жил гавьяат маань бас нэгэн хүүг шавиа болгожээ. Хэвлүүхэн яриатай хэрнээ орос дууг хөөрхөн дуулчихдаг хүүг Э.Бат-Энгүүн гэдэг. Хоёр настайгаасаа эхэлж дуулсан түүний хувьд мөн л Б.Бат-Энэрэлтэй адилхан зовлонтой. Учир нь төрөлхийн хараагүй төрсөн харааны бэрхшээлтэй хүүхэд юм. Гэхдээ түүнд авьяас бий. Хэлний авьяастай хүү орос дуунуудыг цангинтал хэвлүүхэн дуулна. Б.Бат-Энэрэл, Э.Бат-Энгүүн хоёр хоорондоо их адилхан. Тиймээс тэднийг төөрсөн ихрүүд гэж хүмүүс өхөөрддөг. Бас болоогүй ээ, багш шавийн барилдлагатай болсон хоёр гэсэн шүү.