Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн болон Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг илрүүлэн, шалгаж байна. Шалгалтын явцад уг этгээдүүд нь мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркын автомашинаар нийслэл хотын нутаг дэвсгэрт такси үйлчилгээ үзүүлэх нэрээр халхавчлан шөнийн цагаар үйлчлүүлсэн иргэдийг зодож, айлгаж сүрдүүлэн эд зүйлийг нь дээрэмддэг байсан нь тогтоогджээ.
Мөн тэд бусдын автомашины улсын дугаарыг хулгайлж, энэхүү үйлдэлдээ ашигладаг байснаа хүлээсэн байна. Уг хэргийг Улаанбаатар хотын харьяат 1993-1997 онд төрсөн И, Б, Э, Б нар бүлэглэн үйлдсэнийг тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхэн найдвартай такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн таксигаар үйлчлүүлэх, хувийн таксинд суухдаа улсын дугаар, автомашин маркыг сайтар харж, хэдэн цагийн үед хаанаас сууснаа ар гэрийнхэндээ мэдэгдэж байх зэргээр аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.