Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөөг судлах зорилгоор 8214 хүүхдийг туршилтанд оруулж байна хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-ийн мэдээллийг өмнө нь бид хүргэсэн билээ. Тэд хэлэхдээ “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” (MHI) хэмээх Харвардын Их Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны нэгж байгууллагаас зохион байгуулж байгаа энэхүү ажилд Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас зөвшөөрөл олгож, БСШУЯ-тай хамтран гүйцэтгэж байгаа хэмээн тайлбарлаж байсан юм.
Тэгвэл энэ талаар бид ЭМЯ-наас тодруулахад, манайхаас ямар нэгэн зөвшөөрөл олгосон зүйл байхгүй. Мөн бидэнд эцэг эхийн зөвлөлөөс ямар ч бичиг ирүүлээгүй байна. Энэ асуудал манайхтай хамааралгүй хэмээн мэдэгдлээ.
Тиймээс “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” байгууллагатай холбогдож лавлах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Тус байгууллагын тухай товч мэдээлэл өгөхөд, MHI нь 13 жилийн турш Монголчуудын зонхилох олон өвчний эсрэг Д аминдэмийн судалгаа явуулж байгаа аж. Тус багийнхан хэд хэдэн төр, хувийн байгууллагатай хамтран “Сүрьеэгүй Монгол” болох зорилгыг тавин ажиллаж байгаа юм байна. Харвардын болон Монголын эрдэмтэн судлаачдын хамтарсан энэ баг Монгол улсад 2004 oноос эхлэн эрүүл мэндийн чиглэлээр судалгаанууд хийж “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” (MHI) хэмээх Харвардын их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны нэгж байгууллагыг үүсгэн байгуулжээ.
Бид энэ асуудлаар эргэн мэдээлэл хүргэх болно.
“Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-өөс өгсөн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.