Бээжингийн олон улсын VIII кино наадам бүтэн долоо хоног үргэлжилж энэ сарын 22-нд өндөрлөлөө. Энэхүү наадамд Гүрж, Эстони хоёр орны хамтран бүтээсэн “Scary Mother” кино шилдгээр шалгарч, Хятадын “Operation Red Sea” кино шилдэг дүрслэл, зураглал номинацийн шагнал хүртлээ.
Бээжингийн олон улсын VIII кино наадмын “Тянь Тань” буюу “Тэнгэрийн мандал” шагналд дэлхийн 6 тив 71 улс орон, бүс нутгийн 659 кино өрсөлджээ. 5 үе шаттай шалгаруулалтын үр дүнд, Хятадын 2 кино, бусад улсын 13 кино эцсийн шатанд шигшигдэн үлдсэн байна. Энэ сарын 22-нд болсон кино наадмын хаалтын ёслолд “Тянь Тань” шагналын 10 номинацийн шагналыг тус тус тодруулсан юм.
Наадмын хаалтын ёслолд энэ удаагийн “Тянь Тань” шагналын олон улсын шүүгчдийн хорооны дарга, Хятадын Хонгконгийн нэрт кино найруулагч Ван Жявей хэлэхдээ “Шалгаруулалтад эмэгтэйчүүдийн сэдэвт кино зонхилж байна” гэжээ.
Энэ удаагийн кино наадмын үеэр нээлт, хаалтын ёслол, “Тянь Тань” шагнал, дээд чуулга уулзалт зэрэг баялаг агуулгатай олон арга хэмжээ зохион байгуулагдаж, гадаад дотоодын 500 киног 1000 гаруй удаа гаргаж, 230 мянган үзэгч үзсэн бөгөөд 79 аж ахуйн нэгж 38 төслөөр гэрээ байгуулсан байна.