Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Баян-Өлгий аймагт ирвэс болон түүний идэш бологч амьтан, тэдний амьдрах орчныг хамгаалах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Уг төсөлд Толбо сумын нутагт орших Сайр хайрхан, Бугат сумын Хатуугийн нурууг хамруулж, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран ажиллах аж. Төслийн хүрээнд цоохор ирвэс, түүний идэш бологч амьтны зүйлүүд, тэдний амьдрах орчныг хамгаалах, тоо толгойг тогтоох судалгаа хийх, бэлчээрийн зохистой ашиглалт болон ангийн бүс нутгийн зүй зохистой менежмент хэрэгжүүлэх, шаардлагатай бүс нутгуудыг орон нутгийн хамгаалалтад авах зэрэг ажлуудыг хийнэ гэдгийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Айбек мэдэгдээд байна. Төслийн хугацаа таван жил бөгөөд ирэх сарын нэгнээс үйл ажиллагаагаа эхлүүлэх ажээ.