Нам, түүний дээр сандайлж суусан хэдэн
нөхдийн эрх ашиг Монгол түмний эрх ашгаас давж, Үндсэн хууль гэлтгүй хуулиудаар
оролдож өөрсдийн дураар өөрчилж болдгийг өнгөрсөн жишээнүүд харуулсан. Монгол Улсын
эрх ашиг, дотоод бодлого гэх юмгүй болж зөвхөн намын эрх ашиг, дотоод
бодлоготой болсон Монгол Улсад өнөөдөр АН, МАН хэмээх бусад намуудаа хүртэл
дарахыг оролддог энэ хоёр бул чулуу шиг том намын харгайгаар гадаад бодлого ч
үгүй болжээ.
Засаг барьж байх хугацаандаа өөр өөрсдийн эрх ашигт нийцүүлэн
Монгол Улсын дотоод, гадаад бодлогыг явуулдаг намын бусармаг үйлдлүүдийг тодорхойлох
олон жишээ бий ч ганцхан жишээ дурдахад, дотоод дахь албан тушаалуудыг өөрийн
хүмүүсээр дүүргэж ханасан АН гадаад дахь албан тушаалуудыг зүгээр орхиж чадсангүй,
Элчин сайд нарыг болсон, болоогүй хүмүүсээр солихоор хүч түрж эхэллээ. Мэдээж
шинээр солигдох Элчин сайд нар АН-ын хүмүүс бөгөөд өмнөх халаа сэлгээний
шуурганд өртөж ажилгүй болоогүй МАН-ын Элчин сайд нарын суудалд очно.
Тодруулбал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганхуягийг, Япон улад суух Онц бөгөөд Бүрэн эрхт
Элчин сайдаар А.Баттөрийг, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсад суух Онц
бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Цоггэрэлийг, Бүгд Найрамдах Итали улсад суух
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ц.Жамбалдоржийг, Бүгд Найрамдах Унгар улсад
суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар З.Батбаяр нарыг томилох саналыг АН-ынхан гаргаж, Ерөнхийлөгч батлах л
үлджээ. Үүнийг сөрөг намаас АН болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж огцрохоосоо өмнө өөрсдийн
хүмүүсийг Элчин сайдын албан тушаал уруу шахаж эхэллээ хэмээн дүгнэсэн юм.