Сонингийн цаасаар бөгсөө арчиж байсан цагт
Сайхан хүүхнүүд гурилаар нүүрээ гоодож
Саван голохгүй үсээ угааж явсан үед
Монголын тэнгэрт шувууд уушигны өвчингүй
Монголын газарт шоргоолж гэр оронтой байсан юм
Нар нь хүртэл үнэн сэтгэлээсээ инээд алдаж намбайсан
Сар нь бас чин зүрхнээсээ бүүвэй аялж суудаг байлаа
Намайг бага байхын өндөр уулнууд эрдэсээр дүүрэн
Чамайг төрөөгүй байхын би алтаар нь тоглодог байлаа
Хөрстийн ногоо нь борооны шүүдэрт
Хөлөрч харагддаг үзэсгэлэнтэй
Хөвч хангай нь борооны дараах солонгоор
Гоёж гооддог чимэглэлтэй
Хөвсгөл далай буйр нуур нь
Хөл дүрэх зайгүй загас жараахайтай
Хөндий тайга ой мод нь
Нүд амт хоёрыг цуцаам цэцэг жимстэй байлаа
Аав ээж хоёр минь
Аав ээжийнхээ үгнээс гардаггүй явсан тэр цагт
Ах эгч минь гадуур сэлгүүцдэггүй
Ном хичээлдээ шимтэн суудаг байлаа
Андынхаа ээжийг өөд болоход нь
Ангиараа уйлалдан зогсох тэр үед
Айлын хүүхэд гудамнаас чихэр олоод
Сэргийлэгч ахад авчирч өгдөг байлаа
Үндэсний үйлдвэрүүд үржиж
Үй олноороо хөдөлмөрлөх нь бахархалтай
Үлээвэр хөгжим цангинаж
Цэргийн жагсаал баярын жагсаал сүр дуулиантай
Үнэн хүчийг үзсэн арслан заанууд зодоглож
Морин шандаст хүлгүүд нь далавчгүй атлаа хурдтай
Үүлэн борооны дусал хэрчих үнэн мэргэн харваачтай
Эрийн гурван наадам нь ёсоо алдаагүй ёмбогор байлаа
Таван хошуу мал минь өглөөний нарнаар бэлчихэд
Тариан түрүү халиурч нарны утас шиг алтардаг байлаа
Үхэр адуу нь эрлийзжээгүй үнээний сүү нь цэвэр ариун
Үүрээр өргөх ижийн минь цацал
Монголоор минь дүүрэн асгардаг байлаа
Хоттой хонио хашаад хойморийн газраа хэвтэж байхад
Хар алтны чимээ сонсогдож
Аргамжаатай морьны туурайнд тос нэвчдэг байлаа
Сайд дарга нар гурилтай шөл идэж