Бүгд Найрамдах Доминикан Улс Тайваньтай харилцаагаа тасалж, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоожээ. Энэ талаар Хятадын гадаад хэргийн сайд Ван И мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдээлсэн байна. РИА Новости агентлагийн мэдээлж байгаагаар, Карибийн тэнгист орших Доминикан улс нь Тайванитай дипломат харилцаа тогтоосон цөөхөн орнуудын нэг байсан аж. Харин Доминикан улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосныг эрс зэмлэн буруушааж байгаагаа Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр илэрхийлсэн байна. Түүний үзэж байгаагаар, тус улс Бээжинтэй дипломат харилцаа тогтоох болсон гол шалтгаан нь Хятад улсын зүгээс Доминиканд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байж болзошгүй ажээ.