“Exclusive” Монгол брэндийн захирал Г.Майцэцэг буюу Маяа үе үехэн чихнээс хонх уячихдаг нэгэн. Тэрээр МАН-ын гишүүний улаан батлахыг өвөртөлж, намынхаа даргад хүртэл хүч үзэхээр зүтгэж байснаас харахад их л олон талын, тэр тусмаа улс төрийн сонирхолтой хүн дэг ээ. Хэдэн жилийн өмнө бас Г.Майцэцэг татвараа төлөхгүй, авлига өгөхгүйн төлөө тэмцэлдсэн, өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ олон нийтэд үнэгүй тараана гэж шоудсан гээд дурдвал цөөнгүй асуудал сөхөгдөнө. Бараг сэдсэн бүхэн нь асуудал үүсгэчихдэг түүнээс хэн нэгэн үнэхээр залхсан бололтой.
Гэхдээ түүнийг хэн юуны учир тээршаав? Тэрээр энэ талаар ийн жиргэжээ.
“Блоклуулчихаж… уг нь зүгээр л асуусан шд… Шинээр гарах гэж байгаа жүжгийг нь жүжигчин хүнээр найруулж байна гэхээр нь оёдолчин хүн дизайн гаргахтай адил биш үү гэж асуусан юм… Доромжлоогүй шд… Их л хүнд тусаж дээ… Уучлаарай гэж байна гээд хэлээд өгөөрэй..” хэмээн захисан байна.
Түүний хэлсэн санаа, хүлээн авсан жүжигчин хоёрын ойлголцлыг тэд л сайтар мэдэж буй биз ээ. Гэхдээ СТА жүжигчин Г.Ундармаад Маяагийн тэр асуулт, асууж буй хэлбэр зэрэг нь таатай санагдаагүй нь лавтай.
Асуудлын шалтаг болсон тэрхүү шинээр гаргах гэж байгаа жүжгийн тухайд гэвэл “Ангарагаас ирсэн эмэгтэй” хэмээх модерн драмын уран бүтээл энэ сарын 4-нөөс үзэгчдийн хүртээл болох гэж байгаа юм байна.