АНУ-д хөдөлмөр эрхлэх Н2В виза хөтөлбөрийн талаарх мэдээлэл, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг цаг тухайд нь бид хүргэж байгаа билээ. Нийгэмд хүлээлт үүсгээд буй энэ хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийг хүртэл Монголын нэг ч компани АНУ-ын ажил олгогч компанитай гэрээ хийгээгүй гэдгийг Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр анхаарууллаа.
Тиймээс уг хөтөлбөрийг далимдуулан бүртгэл явуулах, мөнгө төгрөг татах зэрэг хууль бус үйлдлээс болгоомжлохыг сануулж байна. Хэрэв таныг ямар нэг компани бүртгэлээ гэхэд танд олгох I-797 зөвшөөрөл онлайнаар гарч ирж байгаа эсэхийг шалгах боломжтой юм байна.
Энэ хөтөлбөрийг хэрэгжилт удаашралтай байгаа талаар Элчин сайд Ё.Отгонбаяр тайлбарлахдаа “Хажууханд нь Мексик гэж улсаас 100-хан ам.доллароор ажиллах хүч оруулж ирж болж байхад Монголоос яагаад 2000 ам.доллар зарцуулж авч ирэх вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Гэсэн ч бид Америкийн ажил олгогчидтой зөвлөлдөн, боломж бололцоог гаргах талаар ажиллаж байна.” гэжээ.