Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажил үүргээ гүйцэтгэж явсан шалгагч С-ийн биед картын зөрчилтэй буюу автобусаар хөлсөө төлж зорчихоос татгалзсан иргэн халдаж, танхайрсан хэрэг 2018 оны 3 сарын 16-ны өдөр гарч, бичлэг сошиал орчинд цацагдаж байсныг санаж байна.
Тэгвэл ажлаа хийж явсан шалгагчийг зодсон гэх этгээдийг эрэн хайж олох, хариуцлага тооцох асуудал дээр цагдаагийн байгууллага тун хариуцлагагүй, сэтгэлгүй хандаж буруутан этгээдэд одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа юм байна
Мөн тухайн үед автобусныхаа хөдөлгөөнийг зогсоож, шаардлагатай арга хэмжээ аваагүй “Сутайн Буянт” ХХК-ийн УНГ-6571 улсын дугаартай автобусны жолооч Г-д зөрчлийн тухай хуулиар 15 мянган төгрөгийн шийтгэл оногдуулаад л өнгөрчээ.
Тэгвэл тун саяхан автобусны жолооч ажил үүргээ гүйцэтгэж явсан шалгагчийг зодсон хэрэг гарсан байна. Смарт карт хэрэглээнд нэвтэрснээс хойш бэлэн мөнгөөр зорчихыг хориглосон. Гэтэл иргэдийн зүгээс санаатай болон санамсаргүйгээр автобусны жолоочид бэлэн мөнгө өгөх байдлаар зорчдог нийтлэг зөрчил одоог хүртэл арилахгүй хэвээр байсаар байна‼
Харин иргэнээс бэлэн мөнгө авдаг энэ мэт үйлдлийг нь таслан зогсоох үүднээс зүй ёсны шаардлага тавьсан нэгэн шалгагчийг автобусны жолооч зэрлэг балмадаар зодож танхайрчээ. Үүний улмаас тухайн шалгагч толгойндоо хүнд бэртэл авч, эмнэлэгт хэвтэн эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны хувьд асар хүнд хохирол амссан байна.