Бүх нийтээр мод тарих өдрийг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ жил бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ сарын 12-ны бямба гаригт болно. Энэхүү арга хэмжээг 2010 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай хот болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс уг арга хэмжээнд нийслэлийн төр захиргааны байгууллагууд болон бусад аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог жил бүр нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.
Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 3 газарт мод тарихаар төлөвлөсөн. Жил бүр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьдаг. Үүнээс гадна “Монгол наадам” цогцолбор болон цэвэрлэх лагийн талбайд УСУГ-ын зохион байгуулалттайгаар мод тарих юм байна. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд чирэгдэл учруулахгүйн тулд дүүрэг бүрт мөн арга хэмжээ зохион байгуулна. Мод тарьж буй бүх газарт үзэсгэлэн худалдаа давхар явагдах юм байна. 2010-2017 оны хооронд нийт 2 сая 22 мянган мод тарьсан байна.