Их дээд сургуулиудаас гадна арван жилийн сургуулийн сурагчид, тэр бүү хэл цэцэрлэгийн хүүхдүүд өдгөө “Эрдмийн баяр” тэмдэглээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд буюу цэцэрлэгүүдийн удирдлагад хандаж мэдэгдэл хүргүүлсэн байна.
Тодруулбал “Эрдмийн баяр” тэмдэглэх нэрээр хүүхдүүдээс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, эцэг эхчүүдэд дарамт хүндрэл учруулахгүй байх, хөдөө хээр, амралтын газар баяр зохион байгуулахгүй байх, эцэг эх, багш асран хамгаалагчид нь архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, эрдмийн баяраа нэгдсэн зохион байгуулалттай хийж, энэ тухайгаа харьяа дүүргийн цагдаагийн газарт мэдэгдэх гэх мэтчилэн шаардлагууд тавьжээ. Хэрвээ дээрх шаардлагуудыг биелүүлэхгүй бол Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцохыг мэдэгджээ.