Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны хамтран хэрэгжүүлж буй \”Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хүрээнд ХААИС, ХБНГУ-даа хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх байгууллага болох Дойла Нийнбург сургалтын төвтэй хамтын ажиллагааны санамж бичгийг 2014 онд байгуулсан билээ.
Энэхүү санамж бичигт ХААИС-ийн оюутан залуусыг ХБНГУ-д зургаан сарын хугацаатай үйлдвэрлэлийн дадлага хийх боломжоор хангах асуудлыг тусгасан бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ХААИС-иас эхний долоон оюутан энэ сарын 15-ны өдөр ХБНГУ-ыг зорихоор боллоо. Оюутнууд нь ХААИС дээр Герман хэлний бэлтгэлд хамрагдаж, тодорхой шалгууруудыг хангасны эцэст хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбар өндөр хөгжсөн Герман орныг зорьж, орчин үеийн дэвшилтэт техник, технологи дээр ажиллах, суралцах боломжоор хангагдаад байна.
Шалгарсан оюутнуудыг өнөөдөр ХХААЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц. Болорчулуун, ТЗУГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б. Биндэръяа, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г. Гантулга нар ХХААЯ-н дээр хүлээн авч уулзлаа. Ц. Болорчулуун дарга оюутнуудад хандан \”Та бүхэн Герман улсад байх хугацаандаа их зүйл сурч, мэдэж аваад ирээрэй, Та бүхэн Монгол-Германы ХАА-н салбарын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд бас нэгэн шинэ \”Гүүр” болж байгаа. Цаашлаад Та бүхнийг Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулсан сайн мэргэжилтнүүд болно гэдэгт итгэж байна” гэж хэллээ.
Энэхүү хөтөлбөр нь энэ жилээс эхлэн, цаашид жил бүр үргэлжлэх ба дараагийн шатны оюутнуудыг Герман хэлний бэлтгэлд хамруулах ажлыг ХААИС дээр зохион байгуулж байна.