Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2014 онд хугацаа нь дууссан, нэр хаяг тодорхойгүй, ашиглах боломжгүй химийн бодисын тооллого, судалгаа явуулжээ.
Нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудыг хамруулсан эл судалгаагаар 50 гаруй сургуулийн химийн лабораторид хугацаа нь дууссан, нэр хаяг тодорхойгүй, ашиглах боломжгүй 120 гаруй нэр төрлийн 300 гаруй кг химийн бодис хадгалагдаж байгааг тогтоосон байна.
Үүнээс гадна найман дүүргийн 41 сургуулийн химийн лабораторид нэр хаяг нь тодорхой бус 400 нэр төрлийн 332 кг бодис, 500 орчим төрлийн 251 кг химийн болон ашиглах боломжгүй бодис байсан нь тодорхой болов. Дээрх химийн бодисыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах Аврах тусгай ангийн хашаан дахь зориулалтын агуулахад аваачиж ангилан ялгаж, хадгалсан аж. Ингэснээр 50 гаруй мянган сурагч, 3000 гаруй багш, ажилчдыг химийн бодист хордох эрсдэлээс хамгаалсан тухай тус газраас мэдээлэв.