АНУ-д өчигдөр хоёр ч мужийн дунд сургууль руу зэвсэгтэй этгээдүүд халдлага хийсэн хэрэг гарчээ. Техас мужийн Санта Фе хотын сургууль дээр гал нээсний улмаас амь үрэгдсэн хүний тоо 10 болсон байна. Энэ явдлаас хэдэн цагийн дараа Жоржиа мужийн сургуульд буудалцаан болж, нэг хүн амиа алджээ. Техасын сургуульд болсон буудалцаанаар амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгаа талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа аж. Техаст гарсан энэхүү халдлагыг тус мужийн Санта-фе хотын сургуулийн 17 настай Димитриос Пагуртзис гэгч этгээд үйлдсэн болохыг цагдаагийнхан тогтоожээ.
АНУ-ын сургуулиудад галт зэвсэг бүхий халдлага гарч байгаатай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт “Сайн сургаж бэлтгэсэн багш, хамгаалагч нар хэрэгтэй байна. Багш нар зэвсэгтэй явах хэрэгтэй. Тэгж байж л сургууль дээр халдлага болохоос хамгаалж чадна. Тэд нууц зэвсэгтэй байх ёстой” гэсэн байна.
АНУ-д гардаг буу зэвсэгтэй холбоотой хэргүүдийн 98 хувь нь галт зэвсэг авч явахыг хориглосон газруудад болдог бөгөөд “Энэ сургууль бол зэвсэггүй газар” гэсэн бичиг нь гэмт этгээдүүдэд таатай санагдаж, халдлага хийх өгөөш болдог гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байгаа аж.