Германы алдарт үйлдвэрлэгч BMW компанийн автомашин дахь компьютерийн системд 14 алдаа гарсныг Хятадын кибер аюулгүй байдлын лаборатори олж илрүүлжээ. Онолын хувьд, автомашиныг хэрэглэх явцад хакерууд тухайн тээврийн хэрэгсэлд зориудаар нөлөөлж, хяналтандаа ч авах боломжтой болсон аж.
Bluetooth болон уг автомашины өөрийнх нь 3G, 4G дата холбоосгүйгээр халдвар авсан USB холбогчийг залгаснаар автомашиныг мэдэлдээ оруулж болно гэж судлаачид мэдэгджээ.
Компанийн зүгээс дээрх алдааг засахаар ажиллаж байгаа гэнэ. Мөн автомашиныхаа программ хангамжийн шинэчлэлийг сайтар ажиглаж байхыг хэрэглэгчиддээ зөвлөжээ. Мөн ойрын хугацаанд бусад шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.
Хятадын лаборатори уг алдааг 2017 оны нэгдүгээр сард олж мэдсэн ч, жил гаруй хугацааны дараа BMW компанид мэдэгджээ.
Б.Болормаа