Их Британий Солсбери хотноо химийн хорт бодист хордсон Оросын экс тагнуулчийн охин Юлия Скрипаль хордлого нь тайлагдсаныхаа дараа анх удаа гадаадын сурвалжлагчид ярилцлага өгчээ.
Тэрээр ярилцлагадаа дурьдахдаа “Бид энэ халдлагыг давж гарсан нь маш их завшаан боллоо. Химийн хорт бодисын хордлого маш удаан тайлагддаг юм байна. Манай аавын бие өнөөдрийг хүртэл сайжраагүй байгаа. Түүний биеийг тэнхэртэл би түүнд туслах ёстой’ гэжээ. Мөн энэ үеэр Юлия Скрипаль урт удаан хугацаагаар эх орондоо буцахыг хүсч буйгаа мэдэгдсэн байна. Юлия Скрипаль ярилцлагынхаа үеэр Лондон дахь ОХУ-ын Элчин сайдын яамны зүгээс тусламж үзүүлэх санал тавьсан явдалд талархал илэрхийлээд одоогоор оросын дипломатуудын тусламжийг авах хүсэлгүй байгаагаа мэдэгджээ.
Одоогоор, Юлия Скрипаль Их Британы цагдаагийн хамгаалалт дор Лондон хотод нууц байранд байрлаж байгаа бөгөөд эргэн сануулахад,Оросын экс тагнуулч Сергей Скрипаль болон түүний охин гуравдугаар сарын эхээр Их Британийн Солсбери хотноо химийн хорт бодист хордож эмнэлэгт хүргэгдсэн ба Их Британичууд энэ хэрэгт ОХУ-ыг буруутгасан юм. Харин ОХУ-ын зүгээс дээрх хэрэгт холбогдолгүй гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа билээ.