ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид 40 гаруй хоног саатуулагдсан С.Баярын биеийн байдал муудан, эмнэлэгт хэвтжээ. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ерөнхий сайд асан С.Баяр хорих 461 дүгээр ангид хоригдсон. Бид дөрөвдүгээр сарын 30-нд хоригдсон эсэхийг шалгаад олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 3-ны өдөр АТГ-ын дарга Х.Энхжаргал түүнийг авчраад өрөөндөө оруулан дарамталсан байх магадлал өндөр байна. Учир нь С.Баярыг авчраад мөрдөн байцаах ажиллагаа явуулсан бол тусгай камертай өрөө байдаг. Түүнд мөрдөн шалгах ажиллагааг явуулах ёстой. Гэтэл Х.Энхжаргал мөрдөн шалгах үйл ажиллагааны хуулийг зөрчиж, давуу байдлаа ашиглан С.Баярыг өрөөндөө оруулсан. Яагаад өрөөндөө оруулав гэдгийг тогтоохоор камерын бичлэгээ өгөөч гэдэг албан бичиг хүргүүлэхэд, мөрдөн шалгах ажиллагаа учир та нар хамаагүй гэдэг бичиг ирсэн. АТГ-ын даргын өрөөнд мөрдөн шалгах ажиллага явагдах ёсгүй.Тийм учраас бид Х.Энхжаргал С.Баярыг дарамталсан гэж үзэж байгаа.
Мөн 40 хоногийн дотор бие нь маш муудсан. Олон нийтийн зөвлөл дээр хүмүүс С.Баярт хор өгчихөөгүй биз, хянаарай гэж уурлаж байна. Тиймээс бид Ерөнхий прокурорт С.Баяртай уулзалт хийх хүсэлт хүргүүлж байгаа. С.Баяр хэнтэй ч уулзахгүй гэж өөрөө хэлээгүй. Нэрийн өмнөөс нь зарласан. Ингэж мэдэгдэл хийн, энэ хүнийг нийгмээс тусгаарлаад ямар нэгэн авлигын том гэрчийг устгах гэж байгаа юм биш байгаа гэдэг хардлага төрүүлж байна” гэлээ.