Болгар улсад Европын холбооны хил зөрчсөн учир нэгэн хээлтэй үнээнд цаазаар авах ял оноожээ. Энэ талаар AFP агентлаг мэдээлсэн байна. Пенка гэх нэртэй уг үнээ Болгарын Копиловцы тосгоны нутагт идээшилж байжээ. Гэвч хэсэг хугацааны дараа уг үнээ Болгар-Сербийн хил хүрч Европын холбооны газар нутгаас гарсан аж.
Харин Пенка үнээг орон нутгийн нэгэн фермер олж, эзэнд нь буцаан өгсөн байна. Сербийн малын эмч уг үнээг ямар нэг өвчин тусаагүй, цоо эрүүл гэдгийг баталсан бөгөөд харин Болгарын засгийн газар уг үнээг хууль бусаар хил давсан учир хуулийн дагуу цаазлана хэмээн мэдэгджээ. Харин уг шийдвэрийг үнээний эзэн эсэргүүцсэн бөгөөд тэрээр Пенкаг хэн ч зогсоогоогүй тиймээс хэн нэгэн анзааралгүй хил давуулах учиргүй хэмээн үнээгээ өмгөөлсөн байна. Тэгээд ч түүний энэхүү үнээ нь гурван сарын дараа тугалах аж.
Харин AFR агентлагийн мэдээлж буйгаар Болгарын засгийн газар Пенка үнээг Европын холбооны хуулиас хэлтрүүлж чадахгүй гээд “Энэ бидний шийдвэрлэх асуудал биш. Бид Брюсселийн шийдвэрийг дагадаг” хэмээн Болгарын мал эмнэлгийн албаны төлөөлөгч мэдээлжээ.