Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг авто машиных нь улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр журам өнгөрсөн оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Журмын дагуу авто машиных нь дугаарын сүүлийн цифр нь 2, 7-гоор төгссөн бол энэ сардаа багтаан татвараа төлөх үүрэг хүлээж байгаа юм.
Хоёрдугаар сарын ирэх долоо хоногийн даваа гаригт дуусах тул түүнээс урьтаж татвараа төлөхийг албаныхан анхааруулж байна. Мөн ашиглахгүй байгаа тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасахаар болжээ. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөнд оролцоогүй удсан тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах юм. Энэ дагуу улсын хэмжээнд 105 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах тооцоо гарчээ.
Ингэхдээ сүүлийн дөрвөн жил буюу 2012-2015 онд техникийн хяналтын үзлэгт ороогүй, авто-тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй хэрэгслийг бүртгэлээс хасах юм байна. Мөн улсын хилээр гараад эргэж ирээгүй тээврийн хэрэгслийг хасах аж. Сүүлийн дөрвөн жил татвараа төлөөгүй 97.770 тээврийн хэрэгсэл байгаа юм байна.