АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бүх насаараа шоронд хоригдох ял эдэлж байгаа 63 настай Алис Мэри Жонсонд өршөөл үзүүлэх шийдвэр гаргажээ.
Өнгөрөгч 5-р сард загвар өмсөгч, реалити шоуны од Ким Кардашян уг эмэгтэйг суллуулах асуудлаар Ерөнхийлөгч Трамптай уулзаж, Цагаан ордонд зочилсон бөгөөд Ерөнхийлөгч тухайн үед түүнтэй шоронгийн шинэтгэлийн асуудлаар ярилцсан ажээ.
Цагаан ордны мэдэгдэлд “Хар тамхины хэргээр шоронд хоригдож буй Алис Мэри Жонсон нь буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, 20 орчим жилийн турш үлгэр жишээ хоригдол байсан бөгөөд бүх насаараа хоригдох ял авсан ч тэр шоронд маш сайн хүмүүжиж, бусад хоригдлуудад зөвлөгч болж байлаа. Гэмт этгээдүүдэд манай засаг захиргаа үргэлж хатуу ханддаг ч нийгэмд өрөө төлсөн, засрахын тулд хичээн хөдөлмөрлөж байгаа нэгэнд хоёр дахь боломжийг нь олгох ёстой” гэжээ. Алис Мэри Жонсон нь 1996-онд хар тамхины хэрэгт яллагдан бүх насаараа хоригдох ял авч байсан этгээд юм байна.